УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралджээ.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан байна. Тэрээр "Манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд дөрвөн сая дахь иргэнээ хүлээж авах нөхцөлд хүрээд байна" гээд хүн ам, хөгжлийн бодлогоо шинэчлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах замаар хүн амаа өсгөх зэрэг шийдлүүдийг санал болгожээ.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Б.Энхцэцэг "Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хожуу төрөх болсон. Хожуу төрвөл 1-2 хүүхэд төрүүлэх боломжтой. Цаашид 2030 оноос төрөлт улам буурсаар байх бөгөөд, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлнэ гэвэл өрхийн зохимжит хүүхдийн тоог 3-4 байхаар тооцож, хүүхдийн тооноос хамаарах мөнгөн тэтгэмжийн хөшүүргээс гадна, залуус, ирээдүйн эцэг, эхчүүдийн хандлагад нь нөлөөлөх цаг ирсэн" гэжээ.
Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл