Мэдээ, мэдээлэл

Туркийн “TD Ikizler Ltd.” компанийн төлөөлөл Улаанбаатар хотын 24 мега төслийн хамтын ажиллагааны асуудлаар айлчлал хийлээ

     Турк Улсад үйл ажиллагаа явуулдаг “TD Ikizler Ltd.” компанийн удирдлагын баг Улаанбаатар хотын 24 мега төслийн хүрээнд хамтран ажиллах боломжийг судлах зорилгоор Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвд айлчилж, танилцах уулзалт хийлээ.
Уулзалтаар тус компанийн төлөөлөл барилга байгууламж, усан спортын цогцолбор, гүүрийн бүтээн байгуулалт зэрэг дэд бүтэц, хот байгуулалтын чиглэлд олон улсын түвшний технологи, инновацийг нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.

     Компанийн төлөөлөгч Сердар Дүзгүн Монгол Улс өргөн уудам нутагтай ч хүн ам, үйлчилгээний төвлөрөл нийслэлд хэт их байгааг онцолж, дэд бүтцийн томоохон төслүүдийг бүсчилсэн байдлаар, олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэх нь хотын тэнцвэртэй хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэв.
Талууд цаашид тодорхой төслүүд дээр хамтран ажиллах, техник-инновацийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр өндөр түвшний түншлэл хөгжүүлэх боломжтой гэж үзэж, үе шаттай хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах талаар ярилцлаа. Мөн “Хүннү хот 2025” олон улсын үзэсгэлэн, үзэл баримтлалын сонгон шалгаруулалттай танилцаж, хамтран ажиллах сонирхлоо компанийн зүгээс илэрхийлсэн юм.
 
Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл