Мэдээ, мэдээлэл

Эдийн засгийн тусгай бүсүүдийн хөгжлийн талаар санал солилцлоо

     ​Агро-Сити эдийн засгийн тусгай бүсийн захирагч Г.Батбаяр, Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн захирагч Д.Отгонсүрэн нар Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвд зочлон, тус төвийн захирал Р.Дагватай албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр эдийн засгийн тусгай бүсүүдийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн боломж, цаашид хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов. Түүнчлэн тусгай бүсүүдийн уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааг нийслэлийн хөгжлийн бодлоготой уялдуулах, судалгаа, шинжилгээнд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв. Мөн хотын хүнсний хангамжийг тогтвортой, найдвартай хангах, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, дотоодын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, түүхий эдийн боловсруулалтыг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг онцлон авч үзлээ. Энэ хүрээнд эдийн засгийн тусгай бүсүүдийн давуу талыг ашиглан боловсруулах үйлдвэрлэлийг төвлөрүүлэх, логистик, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, бодлогын судалгаа, шинжилгээг хамтран хийх боломжийн талаар санал солилцов. Уулзалтын төгсгөлд талууд нийслэлийн хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад эдийн засгийн тусгай бүсүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, цаашид харилцан мэдээлэл солилцож, хамтын ажиллагааг үе шаттайгаар өргөжүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл