Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн 204 хорооны зохион байгуулагчдыг хамруулсан “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт хоёр өдрийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тус сургалт 2026 оны гуравдугаар сарын 18-ны өдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр хөтөлбөрийн дагуу амжилттай үргэлжилж байна. Сургалтын зорилго нь хорооны түвшинд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, шуурхай, хүртээмжтэй хүргэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна. Сургалтын нээлтэд НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд оролцож, иргэн төвтэй хөгжлийн хандлагыг хорооны түвшинд төлөвшүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтойг онцолсон юм.

Хөтөлбөрийн хүрээнд “Монгол Улсын хөгжлийн бодлого, хотын хөгжлийн чиг хандлага”, “Төрийн цахим үйлчилгээг иргэдэд ойртуулах нь”, “Захиргааны шийдвэр, хууль тогтоомжийн хэрэглээ”, “Архив, албан хэрэг хөтлөлт”, “Хиймэл оюуныг албан хэрэгцээнд ашиглах” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулагдаж, оролцогчдод онол, практик хосолсон мэдлэг олгож байна. Мөн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн газрын ахлах Т.Жаргалсайхан сургалтад оролцож, салбарын чиг хандлага, бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, оролцогчидтой санал солилцсон нь сургалтын агуулгыг баяжуулж байна. Сургалтыг салбар бүрийн туршлагатай сургагч багш нар удирдан явуулж, бодит кейс, арга зүйд тулгуурласан мэдлэг, ур чадварыг олгож байгаа бөгөөд оролцогчид хорооны түвшинд тулгамдаж буй асуудал, шийдлийн гарцыг хэлэлцэн, сайн туршлагаа харилцан хуваалцаж байна. Тус сургалт 2026 оны гуравдугаар сарын 18–19, 25–26, дөрөвдүгээр сарын 1–2-ны өдрүүдэд гурван ээлжээр үргэлжлэх бөгөөд сургалтад бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгож, “Шилдэг 10 оролцогч”-ийг шалгаруулах юм.


Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл