Мэдээ, мэдээлэл

Орон сууцны хүртээмж, тогтвортой хот хөгжлийн асуудлаарх өглөөний уулзалт зохион байгуулагдлаа

     2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын байранд “Өглөөний цайны уулзалт” зохион байгуулагдаж, хот байгуулалт, орон сууцны бодлого, тогтвортой хөгжлийн асуудлаар талууд санал солилцлоо. Тус уулзалтын зорилго нь Дэлхийн хотуудын 13 дугаар чуулганы (World Urban Forum) хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон сууцны хангамж, хүртээмжийн асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын бодлого, хэрэгжилтийн өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл солилцох, туршлага хуваалцахад чиглэв.
Арга хэмжээг НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монголын хотуудын холбоо ТББ болон “Зөөлөн хотын шийдэл” ТББ хамтран зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хот болон орон нутгийн төлөөлөл болох Хүннү, Хархорум, Эрдэнэт, Дархан, Зуунмод зэрэг хотуудын төлөөлөгчид оролцлоо. Мөн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Хүртээмж судалгааны баг тус уулзалтад оролцсон юм.

     Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын болон Улаанбаатар хотын орон сууцны хангамж, хүртээмжийн бодлого, зохицуулалт, хэрэгжилтийн өнөөгийн байдал, хөрөнгийн зах зээлийн санхүүжилтийн туршлага, бүсчилсэн хөгжлийн бодлого зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдав. Мөн Дэлхийн хотуудын 13 дугаар чуулганд оролцох бэлтгэл, төлөвлөгөө, боломжуудын талаар танилцуулж, оролцогчид санал бодлоо солилцсон юм. Уулзалтын төгсгөлд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогч талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлогын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.
Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл