Мэдээ, мэдээлэл

“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг эхний өдрөө үргэлжилж байна

      Нийслэлийн Орон сууцны бодлогын газар, Солонгос–Монголын хамтын ажиллагааны төв, Сөүлийн үндэсний их сургууль болон ШУТИС-ийн Хот төлөвлөлтийн тэнхим хамтран “S-QUAD” төслийн хүрээнд “Улаанбаатар–Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлгээр Улаанбаатар хотыг тогтвортой, аюулгүй, ухаалаг хот болгон хөгжүүлэхэд чиглэсэн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслүүдийг хэлэлцэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон шийдвэрлэх гарц, боломжийг эрэлхийлж байгаа юм. Хэлэлцүүлгийг нээж Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Д.Алтанзул үг хэллээ. Үргэлжлүүлэн тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ж.Болортуяа “Улаанбаатар хотод хэрэгжиж буй орон сууцны бодлого, эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал”-ын талаар танилцуулга хийв.

     Мөн “Улаанбаатар хотын хөгжлийн бодлого – Орон сууцны судалгаа” сэдвээр Бодлогын судалгаа шинжилгээний төвийн Өгөгдөл, мэдээллийн газрын захирал Н.Энхжаргал илтгэл тавьж, Хот байгуулалт, хотын стандартын газраас орон сууцны бодлогын шинэчлэл, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгсөн юм. Олон улсын туршлагын хүрээнд Сөүлийн үндэсний их сургуулийн профессор И Ин Гын “S-QUAD төсөл ба орон сууцны бодлогын ач холбогдол” сэдвээр илтгэл тавьж, БНСУ-ын туршлагаас хуваалцлаа. Түүнчлэн Ёнсэй их сургуулийн профессор Чинь Хи Сон Сөүл хотын орон сууцны бодлогын шинэчлэл, өндөр нягтаршилд суурилсан дахин төлөвлөлтийн механизм, санхүүжилтийн загварын талаар танилцуулсан байна. Хэлэлцүүлэгт Монголын талаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газар, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Улаанбаатар орон сууцжуулалт ХХК, НЗХГ, Бодлогын судалгаа шинжилгээний төв зэрэг байгууллагууд оролцож байгаа бол БНСУ-ын талаас Сөүлийн үндэсний их сургууль болон Seoul Housing & Communities Corporation-ийн төлөөлөгчид оролцож байна.

     “Улаанбаатар–Сөүл” хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган, дахин барих төслүүдийг танилцуулах юм.

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл