ШАНХАЙН ЖЯО ТОНГ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Их Сургууль, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхайн Жиао Тонг Их Сургуулийн төлөөлөгчид болон “Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв” НТҮГ-ийн төлөөлөл хамтран ажиллах, санал солилцох уулзалт болов.
Шанхайн Жиао Тонг Их Сургууль нь 1896 онд байгуулагдсан БНХАУ-ын тэргүүлэх судалгааны их сургуулиудын нэг бөгөөд инженер, мэдээллийн технологи, анагаах ухаан, бизнес, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр дэлхийд нэр хүндтэйд тооцогддог. 2026–2027 оны U.S. News Best Global Universities (дэлхийн шилдэг их сургуулиудын чансаа)-ын эрэмбээр дэлхийд 37-р, Азид 7-р байрт эрэмбэлэгдсэн бөгөөд олон улсын хамтын ажиллагаа, инноваци, өндөр түвшний судалгаагаараа танигдсан сургууль юм. Тус сургуулийн “Бүс ба Зам” хиймэл оюун ухаан бүхий ухаалаг тоног төхөөрөмжийн хамтарсан лаборатори-ийн судлаач Дай Күньпэн, нарийн бичгийн дарга Ин Мохан болон Монгол Улсын Их Сургуулийн холбогдох бүрэлдэхүүн сургуулийн удирдлага, багш, судлаачид болон “Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв” НТҮГ-г төлөөлөн Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга М. Буяндэлгэр, Хот байгуулалт, дэд бүтцийн судалгааны газрын захирал Ц. Цогбадрах, Өгөгдөл, мэдээллийн газрын захирал Н. Энхжаргал нар оролцов.
.jpg)
Талууд хиймэл оюуны өгөгдлийн сан, өгөгдлийн засаглалын стандарт, ухаалаг замын хөдөлгөөн, хотын тээвэр, мал аж ахуйн хяналт, бүтээгдэхүүний мөрдөх тогтолцоо, бэлчээрийн доройтол ба нарийвчлалтай газар тариалангийн судалгаа, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов. Хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний мэдээлэл, туршлага солилцох, эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх урт хугацаны хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан ач холбогдолтой уулзалт болсон.
Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл