
Сургалтыг Кёнсанбүг муж зохион байгуулсан бөгөөд Монголын талаас Эрчим хүчний яам, Эрчим хүчний үндэсний төв, Улсын Их Хурлын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хот байгуулалт, хотын стандартын газар, Хөвсгөл аймгийн Дулааны цахилгаан станц, “Бодлогын судалгаа, шинжилгээний төв” НТҮГ зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм. Хөтөлбөр нь хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, туршлага солилцоог өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний бодлого, технологийн шинэчлэлийн чиг хандлагыг судлах зорилготой байв. Сургалтын хүрээнд төлөөлөгчид Кёнсанбүг, Пусан, Ёнчон, Тэжон зэрэг бүс нутагт зочилж, нарны болон салхины эрчим хүчний станц, “ухаалаг ферм”, ногоон барилга (“Zero Energy”) төслүүдийн хэрэгжилттэй танилцлаа. Мөн БНСУ-ын сэргээгдэх эрчим хүчний бодлого, нарны дулааны улирлын хуримтлалын (STES) технологи, эрчим хүч хэмнэлтийн инновацийн шийдлүүдийн талаар мэдээлэл авч, туршлага солилцов.

2025 оны аравдугаар сарын 27-ны өдөр хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд нүүрсхүчлийн хийн эрхийн хамтын ажиллагааны тухай санамж бичиг байгуулж, цаашдын төсөл, хөрөнгө оруулалтын чиглэлүүдийг тодорхойлсон байна. Мөн төлөөлөгчид Тэжон хотын Эрчим хүчний судалгааны төв, “Zero Energy” ногоон барилга, POSCO-ийн эрчим хүчний лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, БНСУ-ын эрчим хүчний салбар дахь шинжлэх ухаан, инновацын бодит туршлагыг судалсан юм. Энэхүү сургалт нь Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний бодлого, технологийн шийдэл, хөрөнгө оруулалтын шинэ чиглэл тодорхойлох, ногоон хөгжилд тулгуурласан хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой боллоо.
